
2025-12-25 12:22:13

Технологийн дэвшлийн хурд өдрөөр хэмжигдэж, эдийн засгийн бүтэц эрчимтэй өөрчлөгдөж буй өнөө үед Шинжлэх ухааны паркууд (ШУТП) нь энгийн барилга байгууламж гэхээсээ илүү улс орны инновацын хөгжлийг түүчээлэгч гол хөдөлгүүр болон хувирч байна. Судалгааг бодит бизнес, хөрөнгө оруулалттай холбох, шинэ бүтээгдэхүүн шийдэл төрүүлэх энэхүү загвар нь дэлхий дахинд амжилттай хэрэгжиж, манай улсад ч инновацын хөгжлийн шинэ боломжийг нээж байна.
ШУТП-ууд байр, талбай түрээслэгч байх уламжлалт хэв маягаасаа татгалзан, судалгаа, бизнес, стартап, хүний нөөцийг нэг дор төвлөрүүлсэн идэвхтэй инновацын төв болж байна. ОУ-ын туршлагаас харахад ШУТП-ууд дараах чиглэлд төвлөрөн хөгжиж байна.
Инновацын кластерийг бий болгох чиглэл- судалгааны байгууллага, үйлдвэрлэл, стартап, их сургуулиудыг нэг орчинд төвлөрүүлснээр шинэ санаа лабораторийн түвшинд гацах бус, богино хугацаанд бодит бүтээгдэхүүн болон хөгжих нөхцөл бүрдэж байна.
Туршилтын талбай болон төвлөрсөн дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх-дижитал лаборатори, туршилтын орчин, технологи дамжуулалтын төвүүдийг нэг дор байгуулснаар инновацын санааг шууд туршиж, сайжруулан зах зээлд бэлтгэх боломжтой болж байна.
Зах зээлд гарах хугацааг богиносгох механизмд онцгой анхаарах- их сургууль, бизнесийн хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулснаар инновацын бүтээгдэхүүн зах зээлд гарах хугацаа эрс багасч, өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтой.
Ирээдүйн технологид төвлөрөх бодлого баримтлах- хиймэл оюун ухаан, ногоон технологи, хөдөө аж ахуйн дижиталчлал зэрэг стратегийн салбаруудад хөрөнгө оруулалт, дэмжлэгийг төвлөрүүлснээр ирээдүйн эдийн засгийн байр сууриа бэхжүүлэх боломж нэмэгдэж байна.
Манай улсын хувьд инновац, технологийн дэд бүтэц хангалтгүй байгаа нь ШУТП-ийг үндэсний хэмжээнд төвлөрсөн платформ болгон хөгжүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Дэлхийн жишиг, туршлагыг нутагшуулснаар судлаач, стартап, бизнесүүдэд шаардлагатай үйлчилгээ, лаборатори, туршилтын орчныг нэг дор төвлөрүүлэх боломж бүрдэнэ.
Ингэхдээ шинэ технологийг нутагшуулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ загвар, венчур санхүүжилтийн экосистемийг хөгжүүлж, инновацад суурилсан бизнесийг бодитоор дэмжих боломжтой болох юм. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуй, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч зэрэг үндэсний тэргүүлэх салбаруудад технологи дамжуулах шийдлүүдийг ч хөгжүүлэх бүрэн боломжтой.
Цаашлаад Хүннү хотын стратегийн байршлын давуу талыг ашиглан монгол улсыг зүүн азийн бүс нутгийн технологи дамжуулалтын гол төв болон хөгжүүлэх урт хугацааны боломж ч нээгдэж байна.
Шинжлэх ухааны паркийн захиргаа нь дэлхийн шилдэг туршлагыг монгол улсын хөгжлийн бодлоготой нягт уялдуулан, дэд бүтэц, хамтын ажиллагаа, технологи дамжуулалтын тогтолцоог үе шаттайгаар бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Хэрэв та судлаач, стартап, бизнес эрхлэгч эсвэл шинэ санаа хэрэгжүүлэгч бол энэхүү шинэлэг орчныг хамтдаа бүрдүүлэхэд бидэнтэй нэгдээрэй.
Инновацыг Монголдоо бүтээж, дэлхийд хүргэе.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Парк © 2023

