Монгол–Францын шинжлэх ухаан, инновацын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2025 оны 12 дугаар сарын 22-нд Монгол Улсын Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор Н.Тэгшбаяр Франц Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Коринн Пэрератай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд доктор Н.Тэгшбаяр Шинжлэх ухааны паркийн захиргааны үйл ажиллагааны чиглэл, Шинжлэх ухааны паркийн эрх зүйн орчны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх гол төслүүд, тэр дундаа R&D, стартап, инкубатор, технологи дамжуулалтыг нэг дор төвлөрүүлсэн үндэсний экосистемийг хэрхэн бүрдүүлэх талаарх зорилго, чиглэлээ онцлон танилцуулав.
Мөн Франц–Монголын дипломат харилцааны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад шинжлэх ухаан, инновац, гарааны бизнесийг хөгжүүлэх чиглэлд Франц улсаас туршлага судлах, R&D лаборатори байгуулах, судалгааны байгууллага, их сургууль, стартапын экосистемийг бүрдүүлэгч байгууллагуудтай болон технологи дамжуулалт, оюуны өмчийн чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Уулзалтын үеэр мөн Монголыг сансарт гарцтай болгох асуудлыг ярилцав
Элчин сайд хатагтай Коринн Пэрера Монголын талын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Францын холбогдох яам, агентлаг, инновацын экосистемтэй холбох, туршилтын хамтарсан төслүүдийг эхлүүлэхэд институцийн түвшинд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ онцоллоо.