2026-05-18 17:39:53

- 2025-12-31
- By Admin
Шинэ жилийн мэнд хүргэе!
Эрхэм хүндэт судлаачид, инновац бүтээгчид, гарааны бизнес эрхлэгчид, хамтран ажиллагчид аа,
Улиран одож буй 2025 он бидний хувьд хамтын хүчин чармайлт, мэдлэгт суурилсан хөгжлийн бодит үр дүн, ахиц дэвшлээр дүүрэн он байлаа. Бид энэхүү оныг үдэж, шинжлэх ухаан, инновацын хүчээр Монгол Улсын эдийн засгийг сэргээх, тэлэх их зорилгын дор ирж буй шинэ оныг итгэл төгс угтаж байна.
Шинжлэх ухааны паркийн захиргаа нь мэдлэгт суурилсан хөгжлийн үндсэн дэд бүтэц болж, эрдэмтэн судлаачдын судалгаа, шинэ санаа, бүтээлийг бодит үйлдвэрлэл, өндөр технологийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх үйлсэд тууштай ажиллаж ирлээ. Энэ үйл хэрэгт та бүхний оюуны үнэт хувь нэмэр, идэвхтэй хамтын ажиллагаа онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг талархан тэмдэглэж байна.
Ирэх онд бид илүү зоримог, үр дүнтэй бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж, гарааны компаниудын өсөлт хөгжил, технологи дамжуулалт, инновацын экосистемийг бэхжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэн, улсын эдийн засагт бодит өгөөж бий болгохын төлөө хамтын хүчээ нэгтгэн ажиллах болно. Манай байгууллагын үүд хаалга шинэ санаа, бүтээлч зорилго тээсэн судлаач, инновац бүтээгч хүн бүрд нээлттэй хэвээр байх болно.
Ирж буй шинэ ондоо Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, эрдэм мэдлэгийн арвин ололт, бүтээлч хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Шинэ оны мэнд хүргэе!
Хүндэтгэсэн,
Шинжлэх ухааны паркийн захиргаа
Гүйцэтгэх захирал
Доктор Норовын Тэгшбаяр



